2007-05-27

Зугаалга (үргэлжлэл)

Яваад ирлээ. Салхинд цохиулаад нам... Өдөржингөө унтлаа. Хүмүүс хэлэхдээ, намайг унтаж байх хойгуур аав мах шараад, ээж завиар зугаалаад хэсэг алга болсон сурагтай. Эргэн тойрон хоол эргүүлсэн, хөзөр тоглосон, энд тэндхийн сонин сайхан ярьсан хүмүүс л байлаа.

Burke Lake гэж гадагшаа урсгалгүй, дундаа жижиг аралтай, галуу, нугас цуглуулсан дөлгөөхөн нуур юм. Амралтын өдөр болоод ч тэр үү, ёстой л түм түчигнэж, бум бужигнаж байлаа. Онцолж хэлэхэд, ялаа шумуул бараг байхгүй, их тухлаг газар юм.

Аав ээж хоёр ёстой л ам мөлтөс амжиж машиндаа суусан даа. Тун удалгүй аянга цахилгаан бууж, таван алхамын цаадах харагдагдахгүй, хүчтэй ширүүн аадар бороо орсон. Сүртэй байсан шүү.

Цөөхөн хэдэн зураг цомог руугаа хийсэн, үзээрэй.

Зугаалга

Өглөө аав ээж хоёр эрт бослоо. Учир нь манай эндхийн монголчууд өнөөдөр зугаалгаар явж байгаа ажээ. Намайг тоохоо ч болилоо. Хоол эргүүүлэх нь эргүүлж, нүүрээ будах нь будаж, харин би орон дээрээ хайр анхаарал эрэн уйлагнан нэг хэсэг хэвтэв. Гэдэс цатгалан, живх хуурай болохоор олигтой уйлах шалтгаан олдохгүй хий дэмий л баахан янцаглалаа. За энэ ч яахав. Хүн болсоор анх удаагаа зугаалгаар явж үздэг юм байжээ. Эндээс нэг их холгүй Burke Lake гээч газар очиж, мах шарж, идэж ууж, тоглож зугаалах юм байхаа. Нуурын эрэг дээр шумуул байвал яанаа? Хазуулчвал нөгөөх нь загтнаад, аав ээж хоёр хаана маажихаа мэдэхгүй баахан зовноо. Хол л байх юм шүү. Тэнгэр бүрхэг, оройдоо бороошино гэсэн. Аав ээж хоёр амжиж ирэхээ мэдэж л байгаа байх даа. Ямартай ч их л зугаатай байх юм шиг байна.

2007-05-26

Би ирлээ...

2007 оны 5-р сарын 11. Өглөөний 10ц10мин.

Шөнөжингөө ээжийгээ өвтгөж байж өглөө 10ц10мин-д 8lb 10.8 oz (3934 гр) жинтэй, аав ээжийнхээ ууган хүү нь болон хорвоод мэндэллээ. Хүү гарвал Эрхэс, охин гарвал Нандин-Эрдэнэ гэдэг нэр авах нь тодорхой байсан тул Kevin Erkhes Tamir гэдэг нэртэй боллоо.

Ээжид хэлэх юм байна

Аав намайг ерөөсөө загнадаггүй. Уйлсан ч, муухай аашилсан ч загнадаггүй. Харин ээж загнадаг... Мөөмөө хазахад, унтахгүй, удаан муухай аашилахад загнадаг.

Хөхөөд сороод байхад гарахгүй байхаар нь хаздаг юм. Гарах ч юм билүү. Нялх юм чинь хүү чинь мэдэхгүй шд, ээж ээ. Гэхдээ таныгаа хазаж өвтгөдөгт уучлаарай. Аавын мөөмөнд сүү байдаг бол... Аав өвдсөн ч гүрийнэ шд.

Заримдаа нойр хүрэхгүй, удаан дээшээ хараад хэвтээд байхаар уйдаад уйлмаар болоод, дээрээс нь нуруу чилээд, тэгээд чилээгээ гаргаж уйлдаг юмаа. Аав өдөржингөө гэртээ байдаг бол аавын гаран дээр л өнжихгүй юу... Сайхан... Ээжийгээ ядраахгүй.